2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Төрийн ордны дэг журам сайжраагүй байна

Төрийн ордны дэг журам сайжраагүй байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Архидалт монголчуудыг улам  доройтуулж байна.  Нийгмийг  цочроосон элдэв гэмт хэргийн дийлэнх шалтгаан архидан согтуурснаас үүсэлтэй бөгөөд сүүлдээ  төрийн ордонд суугаа улс төрчид нь хүртэл архидах болжээ. Энэхүү гамшигт үзэгдэл нь УИХ-ын гишүүн асан, талийгаач Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгт ч бас нөлөөлсөн байх магадлалтай аж. 

Талийгаачийг амиа алдсан тэр өдөр төрийн ордонд архи ууснаа Н.Номтойбаяр гишүүн хүлээн зөвшөөрсөн бөгөөд мань хүн Хятадын удирдагч Ши Жиньпиний бэлгэнд өгсөн архиар бусад гишүүдээ дайлсан гэдэг. Тодруулбал, тухайн үед Н.Номтойбаяр, О.Содбилэг, Б.Чойжилсүрэн, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат болон эмэгтэй гишүүдээс Н.Оюундарь нар архи уусан байв. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь тэдгээр архичдаа хамгаалан  хав дарж, нууцлахыг оролдож байжээ. Харин муу юм модон улаатай гэгчээр энэ бүхэн одоо ил болж байна.  

Төрийн ордон бол тусгай хамгаалалт бүхий онцгой объект юм. Гэтэл энд улс төрчид нь бараг өдөр бүхэн архи зөөж ууцгаана. Талийгаач Г.Батхүү учир битүүлгээр амиа алдсанаас хойш ч бас архидан сотгууралт, эмх замбараагүй байдал хэвээр үргэлж байна. Иймээс сүүлийн үед Төрийн хамгаалалтын албанаас хяналт, шаардлагаа өндөржүүлэхийг оролдож байгаа аж. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд, Төрийн ордонд архи согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулахгүй нэвтрэх, энэ талаар шаардлага тавьсан хамгаалалтын ажилтнуудыг басамжлан доромжилж, үл тоомсорлон шаардлагыг биелүүлдэггүй юм байна. Сүүлдээ аргаа барсан хамгаалалтын албаныхан нь энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатарт байнга гомдол тавьдаг болжээ. Ерөөсөө урьд өмнө нь ч Төрийн орон руу орж буй ихэнх улс төрчид цүнх, гар тээшээ рентген машинд уншуулж шалгуулдаггүй байсан юм байна.

Төрийн ордны тухай хуульд “...Төрийн ордны халдашгүй дархан байдлыг энэ хууль, түүнтэй нийцүүлж гаргасан хамгаалалт, үйлчилгээний тусгай журмын дагуу хангана” гэж заасан байдаг. Мөн уг хуульд “...Төрийн ордон нь дотоод болон гадуур байнгын хамгаалалттай байна”, “...Төрийн ордонд шалган нэвтрүүлэх, аюулгүй байдал, дэг журмыг хангах асуудлыг дотоод хамгаалалт хариуцна” гэжээ. Өөрөөр хэлбэл, Төрийн ордны халдашгүй дархан байдал нь 24 цагийн турш дотоод, гадаад байнгын хамгаалалтанд байхаар хуульчилсан байна.   Түүнчэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд “...Төрийн тусгай хамгаалалтанд байгаа барилга, тээврийн хэрэгсэл, бусад зүйл, тэдгээрийн орчинд холбогдох байгууллагатай хамтран инженер техникийн үзлэг, шалгалт хийж аюулгүй байдлыг хангах үүргийг Төрийн тусгай хамгаалалтын газрын Төрийн ордны хамгаалалтын алба хариуцна” гэж заасан байдаг. Тэгвэл хуулиар заасан эдгээр үүргээ биелүүлэхэд улс төрчид нь саад учруулсаар иржээ гэвэл хэтрүүлэл болохооргүй байгаа юм. Ийм дэг журамгүй байдал нь магадгүй талийгаач Г.Батхүүгийн амиа алдахад бас ихээхэн нөлөөлсөн болов уу. 

Ер нь ажлын байрандаа архидан согтуурагчдад ажлаас халах хүртэл хариуцлага тооцох ёстой. Иймээс саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх архидан согтууралт, хамгаалалтын албаны дэг журмын зөрчлийг арилгуулах, зөрчил гаргагсдад арга хэмжээ авах талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт албан бичиг илгээсэн байна. Чухам хэнд, ямар хариуцлага хүлээлгэж, төрийн ордны сахилга, дэг журмыг хэрхэн сайржуулахыг харж л суухаас даа.

  О.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.