2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Л.Болд, Ц.Оюунгэрэл нарыг хэн захиалав

Л.Болд, Ц.Оюунгэрэл нарыг хэн захиалав

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

УИХын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Зарим нутаг дэвсгэрийг тусган хамгаалалтгай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод энэ сарын 6-нд өргөн барьсан. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар энэхүү тогтоолын төслийг хэлэлцэнэ гэх сураг байна. Хоёр түшээгийн өргөн барьчихаад байгаа УИХ-ын тогтоолын төсөл нь дархан цаазат Богдхан уулын Зайсангийн ам. Богинын ам, Арцатын амны газрын зарим хэсгийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлөх тухай юм. Тэдний тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлүүлэхийг хүссэн газар нь хэдэн жилийн өмнөөс Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр үнэ хүрч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, нэг га нь сая ам.доллараас дээш үнээр яригдах болсон нутаг.
 
   Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын өргөн барьсан төсөлд Зайсангийн амнаас 23.2 га, Богинын амнаас 0.3 га, Арцатын амнаас 21.8 га, нийт 45.3 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсээс чөлөөлүүлэхээр тусгажээ. Эрхэм түшээд дээрх газрыг чөлөөлөх гээд байгаагаа "Энэ газарт он удаан жил үе дамжин суурьшсан 700 өрхийн 2000 гаруй иргэний газар өмчлөх, эзэмших эрхийг шийдвэрлэх" гэж тайлбарлаж буй. Зайсангийн ам, Богинын ам, Арцатын амны тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн бүсээс чөлөөлөх гээд байгаа газар нутаг нь Хан- Уул дүүргийн IV, XI хороонд харьяалагддаг бөгөөд энэ хоёр хороонд суурьшсан иргэд 1943 оноос хойш үе дамжин өнөөг хүртэл амьдарч буй гэж эрхэм түшээд үзжээ.
 
   Тиймээс ч тэдний олж тогтоон, тогтоолын төслийн танилцуулгадаа нэр заан тусгасанчлан тэнд хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, гавьяатууд зэрэг алдар цуутай хүмүүс аж төрдөг аж. Чухам иймээс эрхэм түшээд тусгай хамгаалалттай газар нутгаас нийт 45.3 га-г чөлөөлүүлж, иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх гээд байгаа гэх. Өнгөн тал нь ийм ч цаанаа Ц.Оюунгэрэл Л.Болд нарыг хэн гэгч, ямар хүмүүс лоббидож ийм төсөл өргөн бариулсан бэ гэдэг нь орхигдуулж болохгүй асуудал юм.
 
   Үүнийг ч зах зухаас нь учир мэдэх хүмүүс гадарлаж, Арцатын аманд "Тэр хүн төдөн га газар дээр тэдэн давхар хаус бариулаад эхэлсэн" хэмээн их мөнгөтэй, олигархуудын нэрийг заан баримт түшин хэлж, түшээдийн санаачилсан дээрх УИХ-ын тогтоолын төслийн үнэн нүүр царайг илчлээд эхэллээ. Энэ байдлаас Ц.Оюунгэрэл, Л.Болд нарыг хэн захиалав, тэд хэний захиалгыг, хэдэн "ногоон"- оор авав гэдэг сонирхолтой дүр зураг харагдана. Хэрэв зээ Ц.Оюунгэрэл Л.Болд хоёр үнэхээр өөрсдийнх нь хэлээд байгаа шиг Зайсангийн ам, Богинын ам, Арцатын аманд суурьшсан айл өрхийн иргэдэд газар өмчлөх, эзэмших эрхийг нь эдлүүлэх гээд байгаа бол 700 өрх айлд өөр гоё газар санал болгож, олж өгөх бүрэн боломжтой байсан.
 
   'Тэнд суурьшсан айл өрхүүд газраа өмчилж авахыг хүсээд байна, уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалья" гэх зэрэг үнэмшил муутай шалтгааныг тогтоолын төслийн танилцуулгад тоочжээ. Үнэндээ сайдын тайлбарлаж байгаа шиг "Уугуул иргэд" гэдэг тодорхойлолт манай улсын эрх зүйн орчинд байдаггүй. Манай улс Уугуул иргэдийн олон улсын конвенцид ч элсээгүй гэнэ. "Уугуул иргэд" гэж хэнийг хэлдэг вэ гэвэл амьдрах, ан гөрөө, мал адгуусаа эрхлэх арга барил нь тухайн газар нутгаасаа шууд хамааралтай хүмүүсийг хэлдэг аж. Тэгвэл 1943 оноос хойш Богд хан уулын Зайсангийн ам, Богинын ам, Арцатын аманд суурьшсан айл өрх ийм ойлголтод хамаарахгүй. Тэнэг хүн хуурч буй юм шиг ийм шалтгаанаар дархан цаазат Богдхан уулын зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөлт оруулах гээд ) байгаа нь дээрх хэдэн өрхийг бодсондоо бус Богдхан уулыг ) хувааж авах санаархлаа хэрэгжүүлэх гэсэндээ хэмээн хардаж болно. )
 
   Угаасаа ч ийм харагдаж байгаа. Наад зах нь 700 өрх айл тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагаас газраа чөлөөлүүлж авчихаад өөрсдөө тэндээ цаашид он удаан жил амьдрах нь юу л бол. Бараг л өмчилж авангуутаа хэдэн зуун сая төгрөг тоолж аваад, зарчих биз. Сүүлийн жилүүдэд Богд хан уулын амуудад өндөр зэрэглэлийн гэх үнэ нь тэнгэрт тулсан байшин барилгууд ярайх болсон. Хаус, харш гэж нэрийдэцгээсэн байшин, барилгууд өндөр үнэтэй гэж жигтэйхэн. Тэнд амьдардаггүй л бол хүн биш юм шиг нийгмийн нэг хэсэг тийшээ тэмүүлцгээж байгаа. Үүнийг дагаад дархан цаазат Богд хан уулын маань хормой бэл балгас, хог новшоор дүүрч, тусгай хамгаалалттай гэхэд ичмээр болчихоод байгаа билээ. Энэ байдал дуусч, татрах нь бүү хэл одоо боловсон луйвраар үргэлжлэх гэж байна, хэрвээ хоёр сайдын өргөн барьсан тогтоолын төслийг УИХ баталвал...


Үргэлжлэл бий.
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.