2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ерөнхий сайд аа, Н.Энхболдоор огцрох өргөдлийг нь ӨГҮҮЛ

Ерөнхий сайд аа, Н.Энхболдоор огцрох өргөдлийг нь ӨГҮҮЛ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Монголын Зэвсэгт хүчинд  энхийн цагт эр цэргүүд амь эрсддэг эвгүй газар болж хувираад удаж байна. Энэ салбарт цэргүүд осолдож, гэмтэж, амиа алдах нь ердийн үзэгдэл боллоо. Түүний мөрөөр хариуцлага тооцсон нэг ч тохиолдол байхгүй. Уг нь олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболдод хариуцлага тооцож огцруулахыг шаардсан ч тэрбээр авч үлдсэн. Тэгвэл Ерөнхий сайд аа, ээж аавдаа үнсүүлээд эх орноо хамгаална гээд ердөө 14-хэн хоногийн өмнө цэрэгт мордсон аавын хүү эрүүл мэндээрээ хохирч амь нас нь дээсэн дөрөөн дээр байна. 

Тодруулбал, энэ сарын 1-ны өдөр Ховд  аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд  татагдан очсон 18 настай залуу “Дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор өчигдөр 18:00 цагт яаралтай хагалгаанд оржээ. Түүнийг тус ангийн дарга, салаан дарга нар нь цэргийг онгоцоор авч ирсэн бөгөөд ар гэрийнхэнд нь “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн. Ямар ч гадны нөлөөгүй шүү” гэж хэлжээ. 

Мэдээж эрүүл саруул ээж аавдаа "Хүү нь албаа  нэр төртэйгээр хаагаад ирнээ" хэмээн хацар дээрээ үнсүүлээд явсан 18-хан настай хүү нь очоод 20 ч хоноогүй байж аймшигтай бэртэл авсан нь ар гэрийнхэнд нь хүндээр тусч өөрсдийгөө хамгаалсан өнгө аяс илэрхийлсэн дарга нарт итгэхгүй нь ойлгомжтой. Учир нь хүү эв эрүүл байж цэргийн албанд тэнцсэн хэрнээ гэнэтхэн гүйж байгаад унаснаас үүдэж дунд чөмөг хугарсан гэхэд хүн итгэхэд бэрх. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд армид хэчнээн залуус маань амиа алдаж хэд нь тахир дутуу болж хохиров оо. Энэ бүхний тоог гаргахад сэтгэл шимширч нүд халтирмаар. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн хоёрдугаар сард   19хөн настай хүү цэргийн албанд ирчихээд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Хүүг амиа алдсаны дараа ордны сэтгүүлчид Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос энэ тухай лавлахад "Хэрвээ  та нар үнэхээр алдаа олсон юм бол баримтыг нь гарга" хэмээн зандрангуй, хэлж байсан удаатай. Түүний энэхүү үг олон хүний дургуйцлийг хүргэж саобартаа эцэг хүний ёсоор хандаггүйгээс болж ийм олон хөвгүүд маань хорвоогоос хальж байна хэмээн гомдоллож Ерөнхий сайдад түүнийг огцруулах хэрэгтэй хэмээж байсан юм. 

 Ямартай ч дархлагдсан сайд аа, нийгэм өөрчлөгдсөн. Хүн үхэж байхад, амьдрал зогсож байхад, ёс суртахуун нуран унаж байхад юу ч болоогүй аятай суудалдаа шигдэж өөрсдийгөө хаацайлдаг цаг чинь ард хоцорсон гэдгийг хэлье. 

Ямартай ч энэ удаад БХ-ын сайд Н.Энхболд   огцрохгүй үлдвэл ийм үйл явдал хаа нэгтээ дахин давтагдаж, дахин нэг аавын хүү амиа алдахыг үгүйсгэхгүй. "Яахав сайдын шууд оролцоо байхгүй шүү" дээ гэх арьсаа хамгаалсан үг үйлдэл гарах нь ойлгомжтой. Сайд огцорсноор асуудал тэр даруй шийдэгдэхгүй ч, бусдад нь сургамжтай, нийгэм өөрчлөгдөж байгааг харуулах хэрэгтэй буй юм.  Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх та энэ асуудалд ул суурьтай хандаж салбараа зөв менежментээр удирдаж чадахгүй байгаа Н.Энхболдыгоо огцруулж мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллахгүй бол маш олон залуус маань үхлийн оронд очиж олон аав ээжийн гомдол цөхрөл, харуусал таныг бүчих болно гэдгийг  уламжлая.

Эх сурвалж: Erennews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.