2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » “Улайдаггүй” Б.Ундармаа

“Улайдаггүй” Б.Ундармаа

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Нийгэм, Онцлох мэдээ

“Бишрэлт”-ийн хатагтайн “биширмээр” арга

“Зүгээр л гомдол төрөөд байна. Өнөөдөр Монгол Улсын иргэд хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг. Гэтэл энэ эрх нь энгийн иргэдэд хэзээ ч үйлчилдэггүй юм байна. Хэрвээ би, магадгүй миний ойр дотнын хэн нэгэн маань хүнээс мөнгө зээлчихээд өгч чадахгүй байсан бол өнөөдөр аль хэдийнэ 461 рүү ачигдсан байгаа. Харамсалтай нь, өнөөдөр төрийн бодлого алдагдсанаас түмэн олон, тэр дундаа энгийн иргэд бидний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Үмх талх, өчүүхэн хоолныхоо төлөө хүний газарт хөлс цусаа дуслуулж олсон хэдэн төгрөг маань хэдхэн цагийн дотор үгүй болчихлоо. Би “Капитал” банкны байнгын харилцагч. Олон жилийн өмнөөс харилцаж эхэлсэн. Олсон хэдийгээ энэ банкинд л тушаадаг юм. Гэтэл банкны захирал Б.Ундармаа бидний мөнгийг дансны аргаар идээд уучихаж. Энэ банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч юм байна. Гэтэл энэ хүн өнөөдөр хариуцлага хүлээхгүй, хууль санаачлагчдын өргөөнд ямар нүүрээрээ суугаад байгааг энгийн би ойлгохгүй байна. Бид өнөөдөр хэнээс мөнгөө авч хохирлоо барагдуулах вэ”. Энэ бол “ Капитал” банкны харилцагчийн үг. Үнэндээ л аргаа баран цөхөрч гомджээ. Гомдол тээсэн энэ үгээ ямар ч хачиргүйгээр олонд хүргэхийг хүссэн. Банк бол итгэлийн харилцаан дээр тогтдог бизнесийн орчин. Банкны үйлчилгээг бид өдөр бүр авдаг нь өдөр бүр тэдэнд итгэдэг гэсэн үг.  Гэтэл өнөөдөр ийм итгэлийн гүүрэн дээр “Бишрэлт” компанийн ерөнхий захирал  Б.Ундармаа “гишгэлж” явна. Яагаад. Хариултыг хамтдаа хайя.

22 жил “Шударга хөдөлмөрлөсөн” гэжээ

Монголын тэргүүлэгч компаниудын нэгдэл “Бишрэлт” группын хөгжлийн түүхийг энд цухас дурдъя. Тус групп 22 жилийн түүхтэй. Өөрсдийгөө тэд чанартай үйлчилгээ, шударга хөдөлмөр, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, хэрэглэгчдээ дээдлэн ажилласны үр дүнд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулагч групп компани болсон гэж тодотгожээ. Тус группын салбар компани болох “Бишрэлт инженер инг энд констракшн” 1999 онд “ Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон”-оор шалгарч байжээ. Үүнээс хойш Монгол Улсын топ аж ахуйн нэгжээр удаа дараалан шалгарсан төдийгүй ердөө хоёрхон жилийн өмнө буюу 2017 онд “Капитал” банк нь “Шилдэг нийгмийн даатгал төлөгч” байгууллагаар шалгарсан байна. Үнэхээр гайхалтай.

Тус банкны үйл ажиллагааны доголдол 2015 оноос эхтэй гэдэг. Гэтэл яаж яваад хоёрхон жилийн дараа шилдэг нийгмийн даатгал төлөгч болчихдог хэрэг вэ. Яагаад тус банкинд нийгмийн даатгалын мөнгийг хадгалуулах болов. Одоогийн байдлаар “Капитал” банк нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-ийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум зэрэг мөнгийг үгүй хийж, ихээхэн хэмжээний хохирол учруулаад байгаа. Үүнээс харилцагчдын хохирлын тоог албан ёсоор гаргаагүй байгаа гэх. УИХ-ын гишүүн Б.Ундармааг ийнхүү том луйвар хийхэд хэн тусалж, хохирлыг барагдуулахаас зайлсхийж байгаа улстөрчид, нөлөө бүхий эрхмүүд хөшигний ард үлдэх магадлал өндөр болоод байгаа юм. Учир нь түүний эзэмшлийн “Капитал” банк болон бусад салбар компаниуд нь аль хэдийнэ эрсдэлтэй байсан байна. Баримт сөхье.

Монголбанкны хяналтаас мултрахыг оролдсон нь

2017 онд УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй хоёр ч компанийг бусдаас нэхэмжилж, хууль хяналтын байгууллагад ханджээ. Энэ нь “Нью даниста рөүд энд констракшн”, “Эрдэнэ зам” гэх хоёр компани.  “Эрдэнэ зам” компанийнхан “Капитал” банкинд ихээхэн хэмжээний өр төлбөртэй, түүнийгээ төлөөгүй тул компаниа хураалгахад хүрсэн гэж байсан боловч үнэн хэрэгтээ  Б.Ундармаагийн нөхөр, тус банкны захирал А.Ариунболд 2017 оны наймдугаар сарын 17-нд “Эрдэнэ зам” ХХК-ийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэх оролдлого хийжээ. Энэ үедээ дутуу, шаардлага хангаагүй баримт бүрдүүлж өгсөн төдийгүй үүнд нь тухайн үед УБЕГ-ын  даргаар ажиллаж байсан  Р.Содхүү тусалж,  шинэ гэрчилгээг түвэггүйхэн гаргуулсан тухай хэвлэлээр тэр үед шуугиж байв. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг ашиглаж,  авто замын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг “Эрдэнэ зам” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эздэд нь ч мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авсан гэдэг. Ингэхдээ тус компанийн удирдлагын гарын үсгийг ашиглан, хуурамч гэрээ хэлцэл хийж, хуулийн шаардлага хангахгүй баримт материал бүрдүүлсэн гэх үндэслэлээр  “Эрдэнэ зам”-ынхан АТГ-т хандсан удаатай.

2016 оны арванхоёрдугаар сараас эхлэн “Эрдэнэ зам” ХХК “Капитал” банкинд их хэмжээний зээлийн өр төлбөртэй гээд тус компанийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хямд үнээр үнэлж, өрийн оронд тооцон авахаар болж баримт бүрдүүлсэн байна. Түүнчлэн тус банкны захирал А.Ариунболд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус оны зургадугаар сарын 30-нд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр нэрээр “Эрдэнэ зам” ХХК-иас 8.1 тэрбум төгрөг нэхэмжилжээ. Энэ талаар тус компанийнхан тайлбарлахдаа “2013-2016 оны хооронд манай компанийн “Капитал” банкин дахь дансыг ашиглан, зээл авсан мэтээр хий бичилт хийснээс уг 8.1 тэрбум төгрөгийн өр гэх асуудал гарч ирсэн. Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас энэ талаар лавлагаа авсан. Түүнд “Эрдэнэ зам” ХХК-ийн “Капитал” банкнаас авсан гэх 8.1 тэрбум төгрөгийг төлсөн байхад мөнгө нэхэмжлэн, өргөдөл гаргасан нь тухайн маргааныг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон. “Эрдэнэ зам” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид 2016 оны дөрөвдүгээр сарын 15-наас хууль ёсны дагуу хувьцаа эзэмшиж байгаа. Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон түүний нөхөр, “Капитал” банкны захирал А.Ариунболд нар 2017 оны наймдугаар сарын 17-нд хуурамч гэрчилгээ гаргуулан авсан байна. Энэ асуудлаар 2017 оны есдүгээр сард Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж байгаа” гэжээ. Энэ мэтчилэн УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн луйврын ажиллагаа ингээд зогсохгүй. ЖДҮХС-нд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 6-ны хооронд буюу долоо хоногийн дотор түүний  эзэмшлийн “Капитал” банк (тус банкны дүрмийн сангийн 99.9 хувийг “Бишрэлт холдинг” компани, 0.1 хувийн “Таван эрдэнэ” ХХК эзэмшдэг) нийт найман удаагийн гүйлгээгээр 872 сая төгрөгийг зээл болон хүүгийн төлбөрт төлсөн байна.

Түүний 100 хувь эзэмшдэг “Доктор МЭИК” компани 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байдаг. Гэтэл үүнээс 2015 онд “Капитал” банк гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авсан байна. Зээлийн хугацаа таван жил, хүү нь гурван хувь. Гэтэл арилжааны банкуудын иргэдэд өгч байгаа зээлийн хүү хэд билээ. Б.Ундармаа гишүүн дундаас нь хэдэн хувийн ашиг хүртэж байсан бол.

Одоо үүсээд байгаа асуудлыг тойрсон нэг зүйл бий. Энэ нь банкны харилцагчдын болон бусад төсөл хөтөлбөрүүдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ. Түүнд хөрөнгө бий юү. Мэдээж байгаа. Хамгийн сүүлд тус банкны харилцагчдын судалснаар “Бишрэлт” компанийн мэдлийн барилгын компани нь Зайсан цогцолборт зургаан давхар, 11 орон сууц ашиглалтад оруулахаар зэхээд байгаа гэсэн. Тиймээс иргэдийн хөлс, нулимсаа дуслуулж олсон хөдөлмөрийнх нь үнэ цэнийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа уландаа гишгэх эрх байхгүй гэдгийг хатуу хэлмээр байна.

Эх сурвалж: niigmiintoli.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.