2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Ярилцлага » А.Тлейхан: Нам дотор шинэчлэлийг эсэргүүцсэн хүн нэг ч байхгүй

А.Тлейхан: Нам дотор шинэчлэлийг эсэргүүцсэн хүн нэг ч байхгүй

Нийтлэлийн төрөл: Ярилцлага

УИХ-ын гишүүн А.Тлейхантай ярилцлаа.

 

-Танай нам УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага тавиад байгаа. Үүнийг улс орны эдийн засгийн байдалтай холбон үзэхээс илүүтэй сөрөг хүчнийхний явуулж буй явуулгуудын нэг гэж харах хүмүүс байна. Энэ тал дээр тодорхой хариулт өгөхгүй юу?

 

-МАН, сөрөг хүчний зүгээс төр засгийн ажилд байнга хяналт тавьж ажилладаг. Өмнө нь ч бид Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьж байсан. Тухайн үед манай нам улс орны эдийн засгийн байдал нэг л биш, эдийн засгийн бодлого буруу тийшээ явж байна гэдгийг хэлж, сануулсан.

 

Гэтэл өнөөдөр эдийн засгийн байдал сайнгүй байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт гэхэд долоон хувьтай байна. Дээр нь гадаадын хөрөнгө оруулалт 40-60 хувиар буурсан. Ихэнх нь үргээд явчихлаа шүү дээ. Энэ нь юм болохоор хураана, шоронд хийнэ гэдэг Шинэчлэлийн Засгийн газрынхны шахалттай холбоотой гэж үздэг.

 

Нөгөө талаар Засгийн газар зах зээл даахааргүй их мөнгийг зарим барааны үнийг тогтворжуулах нэрийн дор гаргасан. Тухайлбал, хоёр их наяд цаасан мөнгө үйлдвэрлэж, зах зээлд гаргасан байгаа. Ам.долларын урсгал Монгол руу их гарсан, дээр нь нэмээд нэлээд хэмжээний цаасан мөнгө гаргасан нь валютын ханш өсөхөд хүргэсэн. Үүнийг аажимдаа инфляцийг хөөрөгдүүлэх, үнэ нэмэгдүүлсний дохио гэж ойлгох ёстой.

 

Мөн эдийн засгийн орлого муу, төсөв улайсан. Нөгөө хоёр толгойн бүтээн байгуулалт, Тавантолгойн ажил зогссонтой холбоотой. Энэ бүхнээс үүдэлтэйгээр өнөөдөр эдийн засгийн байдал маш хүнд байна. МАН-ын зүгээс эдийн засгийн өнөөдрийн бодит байдалд дүгнэлт хийеэ, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулъя гэдэг дээр санал нэгдсэн.

 

-Ээлжит бус чуулган хуралдуулснаар ямар асуудал шийдэгдэх вэ?

 

-Гол нь төсвийн тодотгол хийе гэж байгаа. Төсвийн зардал асар их нэмэгдсэн. Тиймээс үүнийг танъя. Ерөөсөө орлогодоо л тохирсон зарлага гаргадаг хэмжээнд оруулъя. Нөгөө талаас мөнгөний бодлогоо эргэж харъя. Гадаадын хөрөнгө оруулалтыг татъя гэдэг байдлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага тавиад байгаа. Чуулганаа хуралдуулах, үгүй эсэх нь эх баригчдын шийдэх асуудал.

 

-Бүтээн байгуулалтын ажил урагш муутай байгаа талаар танай намынхан байнга ярьдаг. Харин та энэ ажлыг хэрхэн дүгнэдэг вэ?

 

-Бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Гэхдээ ихэнх бүтээн байгуулалт зам дээр хийгдэж байгаа нь шинэ зүйл биш. Учир нь аль эртнээс, 2000 оноос Мянганы зам нэрээр хийгдэж буй ажлуудын нэг.

 

Яахав, гаднаас оруулж ирсэн бондын хөрөнгөөр нэмж Улаанбаатар хот болоод бусад аймгуудад хөрөнгө гаргаж хийж байгаа юм бий. Энэ ажил явагддагаараа явагдаж л байна. Чухам хэр үр дүнтэй гэдгийг одоогоор хэлж, дүгнэх боломжгүй шүү дээ. Ирэх арав, арваннэгдүгээр сард бүтээн байгуулалтын ажлын үр дүн харагдах байх.

 

-МАН-ынхан саяхны Бага хурлаараа ирэх аравдугаар сарын 27-нд Их хурлаа хийхээр товлосон. Энэ хугацааг МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус буруушааж, эсэргүүцэх боллоо. Яагаад танай намынхан хоорондоо тэрсэлдээд байдаг болов оо?

 

-Шинэчлэл гэдэг маань байнга явагдаж байдаг процесс шүү дээ. Үүнийг хэн дуртай нь, нэг залуу хүн гарч ирээд хийчих зүйл биш. Уг нь манай нам дотор шинэчлэл байнга л явагддаг. Тэгээд ч намын шинэчлэлийг дарга, цэрэг солигдсоноор ойлгох зүйл биш. Бүхэлд нь процессийн, менежментийн шинэчлэл, тэр тусмаа агуулгаар нь шинэчлэх шаардлагатай юм. Тэр үед дүрэмд ч өөрчлөлт орох байх. Тэрнээс өнөөдөр нам дотроо тэрсэлдэж, шинэчлэлийг эсэргүүцээд байгаа нэг ч хүн байхгүй. Бүгдээрээ шинэчлэлийн төлөө байгаа.

 

-Та саяхан мянган оюутны байрыг хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компаниас шаардсан. Яагаад энэ асуудалд тэгтлээ анхаарал тавих болов?

 

-УИХ-ын нэр бүхий гишүүд "20 мянган оюутны хөтөлбөр"-ийг санаачилсан. Эхнээсээ мянгыг нь ашиглалтад оруулахаар болж байгаа. Саяхан мянган оюутны байрын ажлын явцтай танилцсан. Гүйцэтгэгч компанийн зүгээс ирэх есдүгээр сарын 1-15-ны хооронд мянган оюутны байрын барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулна гэдгээ хэлсэн.

 

Өнөөдөр орон нутгийн ихэнх оюутнууд подваль түрээсэлж амьдардаг. XXI зууны оюутнууд подвальд, агааргүй орчинд амьдарч байгаа нь үнэхээр өрөвдөлтэй. Хөдөөнөөс оюутнуудыг Улаанбаатар хотод ирүүлчихээд уушгины өвчтэй болгож явуулж болохгүй биз дээ. Тэгэхээр оюутнуудыг тохилог дотуур байраар хангах нь зайлшгүй шаардагдах томоохон бодлогуудын нэг байх ёстой гэж ойлгодог.

Ч.АННА

Medee.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn