2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” эхэллээ

“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” эхэллээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ. Уг зөвлөгөөнд барилгын салбарын 600 гаруй төлөөлөл оролцож, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр зэрэг өргөн сэдвийн хүрээнд зөвлөлдөж байна.

Зөвлөгөөнд оролцогч, салбарын инженер техникийн ажилтан, ажиллагсад хандан Барилга, хот байгуулалтын сайд мэндчилгээ дэвшүүллээ.

        Монгол улсын бүтээн байгуулалтын талбар болох Барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Барилга, хот байгуулалтын яам жил бүр салбарынхаа үйл ажиллагааг дүгнэж, төрийн бус байгууллага, ААН, мэргэжилтнүүдийн саналыг хүлээн авч, сонсож цаашид хийх ажлаа төлөвлөн, хэлэлцэн шийдвэрлэдэг уламжлалтай. Энэ жилийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” үйл ажиллагааг Төр болон хувийн хэвшил, аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөллийг оролцуулан “Барилга, байгууламжийн норм, нормативын хэрэгжилтийг шинэ шатанд гаргая” уриан дор зохион байгуулж байна.

Манай яам “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Хот байгуулалтын тухай, Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Газрын төлбөрийн тухай, Геодези, зурагзүйн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгалаа.

Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гаргах дүрэм, журам, бодлогын баримт бичгүүдийг баталж дуусгалаа. Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлуулснаар төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийг судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөл бүрдлээ. Энэ хүрээнд салбарын амин сүнс болсон норм, нормативыг шинэчлэх ажил хийгдэж байна.

Өнгөрсөн онд “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулаа. Мөн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, барилгын салбарт 2021 он хүртэл хийгдэх бодлогын баримт бичгийг гаргаад байна.

 

Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулан, мэргэжлийн судлаач, шинжээчдийн баг тус төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Энэ төсөл нь Монгол улсын хөгжлийг хөтлөх залуур болсон суурь баримт бичиг болох юм.

“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлж, 500 тэрбум төгрөгт хүргэх эрхзүйн нөхцөлийг бүрдүүллээ. Түүнчлэн “Монголын ипотекийн корпораци” ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 300 сая ам.долларын бондыг гадаад зах зээлээс амжилттай босгоод байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Нийтийн аж ахуйн, инженерийн дэд бүтцийн ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, хуримтлагдсан лагийг бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусна. Томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Архангай аймагт хоногт 3000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр  Баян-Өлгий, Завхан, Увс, Дорнод, Говьсүмбэр аймгуудад цэвэрлэх байгууламж барих бөгөөд нийт 21 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Мөн иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг шат дараалал багатай, түргэн шуурхай хүргэх, Төрийн байгууллагын ажлын ачааллыг багасгах, үйл ажиллагааны давхардлыг цэгцлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олгох, мэргэжлийн инженерүүдийг давтан сургах, мэргэшлийн зэрэг дэв олгох сургалтын эрх зэргийг анх удаагаа мэргэжлийн төрийн бус байгууллагуудын холбоодод, түншлэлээр амжилттай гүйцэтгүүлж, гэрээг сунган ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын яам иргэдийг орон сууцжуулахад онцгойлон анхаарч хэд хэдэн бодлогын арга хэмжээ авч байгаагийн нэг нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл юм. БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах дээрх орон сууцны барилга, угсралтын ажлыг ирэх тавдугаар сард эхлүүлнэ. Энэ бол иргэдийн ихээхэн хүлээлт үүсгэж буй агаарын бохирдолыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулах нийгмийн бодлогын арга хэмжээ болон хэрэгжих төсөл юм.

Мөн БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Буянт-Ухаа” 2, “Буянт-Ухаа” 3, Баянголын аманд нийт 8000 орчим айлын орон сууц барихаар төлөвлөж, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах компани шалгараад байна. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолын дагуу БНХАУ-аас олгогдох хоёр тэрбум юаны буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэж, өргөтгөхөөр төлөвлөн, гэрээ хэлэлцээрийг дуусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын 10 байршилд “Сервис центр” байгуулахаар төлөвлөлөө.

Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд 1.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжих бөгөөд Барилгын салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно. Барилгын салбарын хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгохын зэрэгцээ нэгэнт батлагдсан норм, нормативын хэрэгжилтийг хангаж, мөрдүүлэх нь хувийн хэвшил, аж ахуй нэгж, байгууллага та бидний өнөөгийн  тулгамдсан зорилт болж байна.

Бидний хамтын ажиллагаа улам бэхжин хөгжих болтугай!

                МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,

                МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

                БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД    

                                                           Х.БАДЕЛХАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.