2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Л.Эрдэнэчимэг: Сүүний фермерүүд сүйрлийн ирмэг дээр байна

Л.Эрдэнэчимэг: Сүүний фермерүүд сүйрлийн ирмэг дээр байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

Л.Эрдэнэчимэг: Сүүний фермерүүд сүйрлийн ирмэг дээр байнаНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу хуучнаар Партизаны САА гэж бидний нэрлэж заншсан нутгийнхан бүр социализмын үеэс сүүний фермийн аж ахуй эрхэлж, нийслэлийн хүн амыг сүүгээр хангаж ирсэн билээ.

 

Арван мянган гаруй хүн амтай энэ хорооны өрх бүр доод тал нь хоёр, дунджаар 10, 20, дээд тал нь 50 гаруй үнээтэй фермерийн аж ахуй эрхлэгчид байдаг. Өдөрт саасан сүүгээ “Сүү” ХК-нд гэрээгээр тушаах юм уу гэрээ хийж чадаагүй өрхүүд нь өөрсдийн унаа хөсгөөр Улаанбаатар уруу тээвэрлэж, хүнсний зах, дэлгүүрүүдэд бөөнөөр борлуулна. Эсвэл сүүгээ хөөрүүлж өрөм, тараг хийгээд хот оруулж зарна.

 

Социализмын үед Партизаны САА-н фермийн саальчин байсан эдгээр иргэн өнөөдрийг хүртэл уламжлалт тэр л аж ахуйгаа эрхэлсээр, сүүгээ саасаар хэнээс ч юу ч гуйхгүй, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж, үлдсэн орлогоороо малынхаа өвс тэжээлийг базаасаар нийслэлийн иргэдийн сүүний хэрэгцээг хангасаар өнөөдрийг хүрсэн. Харин өнөөдөр эдгээр жижиг аж ахуй оршин тогтнох эсэх дээрээ тулаад байна.

 

“Сүү” ХК монополи эрх эдэлж энэ хавийн малчидтай жилийн турш гэрээ байгуулан ажиллахдаа худалдан авах сүүнийхээ үнийг сар бүр хүчээр тулгадаг бөгөөд ганцхан үйлдвэртэй болохоор хүн бүл муутай, өөрсдөө борлуулж чадахгүй фермерүүд аргагүйн эрхэнд энэ гэрээгхүлээн зөвшөөрч, жилийн турш сүү нийлүүлдэг байна

 

Гэрээний үнэ долдугаар сард 320, 8, 9-р сард 400, 10 сард 500 төгрөг гэхчлэн сар бүр 100-гаар нэмэгдсээр 12, 1-р сард 800 төгрөг болж, 2 сараас эргээд 100 төгрөгөөр буусаар зуны үнэд хүрнэ. Энэ гэрээний үнэ сүүлийн хэдэн жил огт өөрчлөгдөөгүй бөгөөд долдугаар сард фермерүүд хамгийн их сүү саальтай үедээ 320 төгрөг буюу 1 литр цэвэр усны ч үнэд хүрэхгүй үнээр сүүгээ нийлүүлдэг байна.

 

Хамгийн өндөр үнэтэй үе буюу 12, 1-р сард ихэнх үнээ нь аль хэдийнэширгэж, зун нийлүүлдэг сүүнийхээ 50%-ийг л чадан ядан нийлүүлнэ. Есдүгээр сараас саалийн үнээнүүд тэжээлд орох бөгөөд нэг үнээ сардаа 100 боодол өвс, хэдэн шуудай тэжээл иддэг. Сүү нийлүүлэх үнэ хэдэн жилийн турш өөрчлөгдөөгүй байтал өвс тэжээлийн үнэ жил бүр нэмэгдэж,өнгөрсөн жил тонн нь 120 000 төгрөг байсан бол энэ жил 230 000 төгрөгийн үнэтэй байна.

 

Учир нь Алтантариа, Мил хаус, Улаанбаатар гурил зэрэг 20 гаруй гурил үйлдвэрлэгч малын тэжээлийн хивгээ Хятад руу экспортод гаргадаг болжээ. Дотоодын хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд гаргахаасаа өмнө Хятадын хэрэгцээг хангах болсон энэхүү буруу шийдвэрээс болж өнөөдөр жижиг фермерүүд сүйрэлд тулаад байна. Тиймээс энэ өвлийг хэдэн үнээтэйгээ даван туулахын тулд тэд тугал, бяруунуудаа зарж, тэр мөнгөөрөө тэжээл худалдан авч байна

 

Жил бүр гарсан төлийг нь зараад байхаар энэ аж ахуйнуудын хувьд хөгжих, дээшлэх боломж нь мэдээж хаалттай гэсэн үг. Ийм байдалд орсон фермерүүд зургадугаар сараас хойш тэмцэж байна. Сүхбаатарын талбайд жагслаа. Засгийн газар, ХААЯ-нд шаардлага хүргүүллээ. ШӨХТГазарт “Сүү” ХК-ийн монополи үйл ажиллагааны талаар гомдол гаргалаа. Гэвч өнөөдрийг хүртэл төр, засгаас ямар нэгэн хариу аваагүй байна.

 

Шинээр батлагдсан Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд стратегийн хүнс болох сүүнд улсаас татаас олгох талаар заасан тул нэг литр сүү тутамд татаас олгох, хуурай сүүний импортыг хязгаарлах зэрэг шаардлагыг тэд тавьж байгаа юм.Хэрэглэгчийн зүгээс харахад нийслэлийн иргэн бид хэрэглэж буй сүүн бүтээгдэхүүн маань жинхэнэ монгол үнээний цэвэр сүү юү, эсвэл гадаадаас оруулж ирсэн хуурай сүү юү гэдгийг мэдэж байж сонголтоо хийх эрхтэй.

 

Гэтэл өнөөдөр сүү болгон “Жинхэнэ монгол үнээний сүү” гэсэн хаяг шошготой байвч цаанаа гадаадаас импортолсон хуурай сүү найруулсаар байгаа нь хэрэглэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөөр байна. Жижиг фермерүүд оршин тогтнож байж л энэ бүх зөрчил, дутагдал арилах бөгөөд үүний тулд доорх хэдэн зүйлийн арга хэмжээг нэн даруй авах зайлшгүй шаардлагатай байгаа юм:

 

   -Нэгдүгээрт, фермерүүд зах зээлийн жамаар сүүний хэд хэдэн үйлдвэрт сүүгээ нийлүүлдэг байвал сүүний үнэ өрсөлдөөний зарчмаар нэмэгдэж, сүү нийлүүлэгчид хэнтэй гэрээ байгуулахаа өөрсдөө сонгоно. Сүүний фермерүүд төвлөрсөн нутаг дэвсгэр дээр сүү боловсруулах үйлдвэр барих төслийг дэмжвэл энэ асуудал даруй шийдэгдэх юм.

 

   -Хоёрдугаарт, эн түрүүнд олон сая малтай дотоодынхоо хэрэгцээг хангах үүднээс тэжээл экспортлох үйл ажиллагааг хориглох шаардлагатай байна.

 

   -Гуравдугаарт, зуны улиралд хуурай сүүгээр сүү найруулахыг бүрэн хоригловол нийслэлийн иргэд 100% монгол үнээний сүү хэрэглэнэ, зах зээл ч тэлнэ. Гадаадын хуурай сүүнээс меламин зэрэг хорт бодис байнга илэрдэг, хамгийн сүүлд л гэхэд Шинэ Зеландийн хуурай сүүнээс бактери илэрсэн зэрэг нь хуурай сүүний импортонд хязгаар тавих шалтгаануудын нэг юм.

 

   -Дөрөвдүгээрт, фермийн аж ахуй эрхлэгчдэд тэжээлийн ургамал тариалах талбай олговол өөрсдөө өвс тэжээлээ бэлдэж авах боломж бүрдэнэ.

 

  -Тавдугаарт, аль ч улс орон ард иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс сүүний татаас олгодог. Хуулиндаа нэгэнт заачихсан байгаа энэхүү татаасыг олгож эхэлбэл эдгээр аж ахуй дороо л өндийгөөд ирнэ. Ноолуур, ноос, арьс шир гэх мэт малын гаралтай ихэнх бүтээгдэхүүнд татаас олгосон атлаа хүний эрүүл мэндэд нэн чухал сүүнд татаас олгохгүй байгаа нь өрөөсгөл явдал юм.

 

  Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны олон мянган иргэн ийм хүсэлтэй байна. Засгийн газраас фермерүүдээ дэмжих арга хэмжээ авна гэдэгт тэд итгэсээр, хүлээсээр сууна.

 

 

                                             Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.