2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Байгаль орчин » Х.Бадамсүрэн: Ажилчдынхаа цалинг 1000 ам.долларт хүргэнэ

Х.Бадамсүрэн: Ажилчдынхаа цалинг 1000 ам.долларт хүргэнэ

Нийтлэлийн төрөл: Байгаль орчин

 “Эрдэнэт” үйлдвэр анхны баяжмалаа гаргасны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Тус үйлдвэр өнгөрсөн 40 жилийн хугацаанд хийж бүтээснээ дүгнэж цаашдын бодлого, зорилтоо тодорхойлох, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байгааг “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр онцоллоо. Тэрбээр мэдээллийн эхэнд “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн оныг өмнөө тавьсан зорилт, техник, технологи болон үйлдвэрийн үзүүлэлтээ 102-152 хувьд хүргэн давуулан биелүүлсэн амжилттайгаар үдлээ. 40 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд асуудал гаралгүй яах вэ. “Эрдэнэтийн-Овоо” ордыг 40 жил ашиглаж байгаа тул геологийн нөхцөл хүндэрч, зэсийн агуулга буурч, ядуурч байна. Өнгөрсөн онд зэсийн агуулга 40 жилийнхээ түүхэнд хамгийн ядуу байсан. Анх “Эрдэнэтийн овоо”-г ашиглаж эхэлсэнтэй харьцуулахад агууламж хоёр дахин буурсан. Гэсэн хэдий ч зэсийн металл авалтыг 89 хувиас давуулсан нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт юм. Металл авалтыг нэг хувиар дээшлүүлэхэд олон сая ам.долларын үр ашгийн асуудал дагалдаж байдаг” гэлээ. Түүнчлэн “Эрдэнэтийн-Овоо” ордыг наанадаж 100 жил ашиглах мэргэжлийн тооцоо хийснээ дурдсан. Тодруулбал, өнгөрсөн 40 жил явуулсан уулын болон ашиглалтын хайгуулын ажил, “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн тогтоц цаашдаа ямар нөөцтэй байх талаар судалгаа хийжээ. Судалгаагаар “Эрдэнэтийн- Овоо” ордын хүдрийн нөөцийг цаашдаа 60 жил тасралтгүй хэвийн ашиглах боломжтойг тогтоожээ.

Тиймээс “Эрдэнэт” үйлд­ вэрийн удирдлагууд ордын нөөцөө баталгаажуулж, үйлдвэрээ ойрын 15 жилд хөгжүүлэх, барих үндсэн бодлого, төлөвлөгөөгөө гарган ажиллаж байгаа аж. Тав, таван жилээр төлөвлөж, бодлогоо хэрэгжүүлэх бөгөөд нийтдээ таван бодлого боловсруулсан байна. “Эрдэнэт” үйлдвэр үйл ажиллагаагаа сайн явуулах улс орныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй бөгөөд өнгөрсөн онд улсын төсөвт 615 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 252 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Мөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, цалин нэмэх асуудлыг системтэйгээр зохион байгуулж, 24 чиглэлийн үйлчилгээг үзүүлж байгаа аж.

Өнгөрсөн онд ажилчдынхаа цалинг хоёр удаа нэмснийг үйлдвэрийн удирдлагууд хэллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн мэдээ­ лэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ажилчдынхаа цалинг хоёр удаа нэмсэн гэлээ. Гэтэл танай үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлээс цалиндаа чамлалттай хандаж, нэмүүлэх талаар ярьдаг. Үүнд тайлбар өгнө үү?

-“Эрдэнэт” үйлдвэр үндсэн цалингаа өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс 10 хувиар, долоодугаар сарын 1-нээс үндсэн цалингийн сангаа 20 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Мөн онд Уул, уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой болсонтой холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж буй хүн бүрт 500 мянга, тэтгэвэрт гарсан ахмадууддаа 300 мянган төгрөгийн урамшууллыг олгосон. Өнгөрсөн болон энэ оны ажлын үр дүн сайн байсан тул цалингаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмсэн. Үүний үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа ажилтны хамгийн доод цалин нэг сая 13 мянган төгрөг бол дундаж цалин 2.3 сая төгрөг болсон. Цалингаас татвар авахаар янз бүрээр ярьдаг зүйл бий. “Эрдэнэт” үйлдвэрийн тогтоосон хамгийн доод цалин нэг сая төгрөг давсан. Цаашид бидний бодож төлөвлөснөөр 2019 онд цалингаа 1000 ам.долларт хүргэнэ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкинд төлөх өрийн асуудал ямар шатандаа явна вэ?

-“Стандарт” банктай холбоотой асуудал “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага хамт олны сэтгэлийг зовоосон зүйл гарцаагүй мөн. 2009-2012 оны үйл ажиллагааны явцад бий болсон. 2013 оноос Арбитрын шүүхийн төвшинд ярьж газар авсан байдаг. Миний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсоноос хойш 1.6 жил болж байна. Энэ асуудалтай холбоотойгоор ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, баримт бичиг, тоо баримтыг нягталж байна. Бид санал тавьсны дагуу Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Саяхан УИХын дарга захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Хүчээ нэгтгэснээр “Эрдэнэт” үйлдвэр, Монгол Улсад сөрөг үр дагавар, хохирол багатайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Арбитрт давж заалдах боломжгүй болсон гэсэн асуудлыг ярьж байна?

-Давж заалдах тухайд Английн Арбитрын шүүхийн дүрэм журам хатуу юм билээ. “Жаст” групп ХХК нь “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан “АйСиБиСи Стандарт” банкнаас зээл авсан гэх маргаан Лондоны олон улсын Арбитрт яваа. Арбитрын шийдвэрийг давж заалдах ажиллагаа дуусаагүй байна. Бид эхний давж заалдах шатны шүүхийн нөхцөлийг давж чадаагүй. Учир нь, манайхыг 51 сая ам.доллараа дансанд байршуул гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед шаардсан мөнгийг байршуулах боломжгүй байсан. Үүсч болох эрсдэлээс болгоомжилсон. Хэрэв түүнийг нь байршуулсан бол тэдний гарт орчих байсан. Одоо бодоход бидний хуулийн хүрээнд явуулж байгаа үйл ажиллагаа зөв голдирлоор явж байна. Цаашдаа дахин давж заалдана.

-УИХ, Засгийн газраас тодорхой шийдвэр гарсан байтал яагаад өнөөг болтол “Эрдэнэт”- ийн 49 хувийг авахгүй, хувийн компани ашгийг нь хүртээд байна. Энэ үйл ажиллагааг юу гэж дүгнэж байна вэ?

-Үнэндээ бол УИХ, Засгийн газар, Цэцийн шийдвэр 49 хувьтай холбоотойгоор гарсан. Гэвч нөгөө талдаа энэ шийдвэрийг үгүйсгэсэн шүүхийн шийдвэрүүд гарсан. Ингээд маргаантай яваа. Үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага үйлдвэрлэлийг хэвийн төвшинд явуулах ёстой. Ингэж үйлдвэр ажиллаж чадаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоогүй.

-“Стандарт” банкны удирдлагуудтай хэдэн удаа уулзсан бэ?

-“Стандарт” банкны холбогдох хүмүүстэй бид өмгөөллийн болон хуулийн компаниудаар дамжуулан харилцаж байна. Тус банкны төлөөлөлтэй албан ёсоор уулзаагүй. Хоёр талын албан ёсны уулзалт хийх санал тавьсан боловч хариу ирүүлээгүй байна. Тиймээс бид олон улсын хэмжээнд ажилладаг хуулийн компани хөлслөөд ажиллаж байна. Ялангуяа энэ асуудлаар дотооддоо учраа олох асуудал их байгаа тул хууль хяналтын байгууллагын төвшинд явж байна.

М.Энхцэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.