2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эрүүл мэнд » Улаан хоолойн хавдрыг 70 хэмийн халуун өдөөдөг

Улаан хоолойн хавдрыг 70 хэмийн халуун өдөөдөг

Нийтлэлийн төрөл: Эрүүл мэнд

Улаан хоолойн хавдрыг 70 хэмийн халуун өдөөдөг

Монголчууд бид өрхийн тэргүүн, эрхэм хүндтэй зочиддоо хоол, цайны дээ­жээ барьж, халуун дээр нь идэж, уу хэмээн учиргүй “шах­даг”. Тэгвэл энэ нь хатуухан хэлвэл үхэл рүү зөөллөвөл улаан хоолойн хавдартай бол гэж “ятгаж” буйгаас өөрцгүй юм. Үүнийг Ираны эрдэмтэд аль хэдийн судалж, баталсан.

 

Тэд энэхүү судалгааныхаа үр дүнд халуун цай ууж, хоол идэх нь улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон юм. Дээрх эрдэмтэд нэг газар амьдардаг 570 орчим хүнийг судалгаандаа хамруулсан аж. Гэтэл тэдний 300 гаруй нь улаан хоолойн хорт хавдар тусах магадлалтай хэмээн оношлогдсон бөгөөд ихэвчлэн 70 болон түүнээс дээш хэмийн халуун цай уудаг гэдгээ мэдэгдсэн бай­на.

 

Өөрөөр хэлбэл 65 болон түүнээс бага хэмтэй бүлээн цай уувал 65-69 хэмийн халуун цай уусантай харьцуу­лахад улаан хоолойн хорт хавдар тусах магадлал хоёр дахин багасдаг гэсэн үг. Харин эсрэгээрээ хэт халуун зүйл уудаг хүмүүс энэ хавдраар өвчлөх магадлал найм дахин нэмэгддэг аж.

 

Түүнчлэн жил бүр улаан хоолойн хорт хавдраар дэлхий дээр 500 мянган хүн амиа алддаг гэсэн тоо бий. Эдгээр өвчлөлийн ихэнх нь ази тивд тохиолддог гэнэ. Газар зүйн байршил гэхээсээ илүү азийн орнуудын хоол ундны хэрэглээ, буруу зуршилтай шууд холбоотой бөгөөд архи тамхи, чинжүү, давс, перец зэргийг ихээр хэрэглэдэг нь нөлөөлдөг. Харин европчууд цай, кофендоо сүү нэмэх зэргээр ямар нэгэн аргаар цайгаа бүлээс­гэж уудаг учраас өвч­лөл харьцангуй бага байдаг аж.

 

Манай улсад ч ялгаагүй. Энэ төрлийн хавдраар өвч­лөгсдийн ихэнх нь баруун аймгийнхан байдаг гэсэн судалгаа бий. Учир нь баруун бүсийнхэн давс, хужрыг хоол, цайндаа ихээр хэрэглэдэг.

 

Хүмүүс халуун хоол, цай улаан хоолойд хэрхэн нөлөөдгийг мэдэхийн тулд буцалж буй усанд түүхий мах дүрж үзэхэд л хангалттай. Махны өнгө тэр даруйдаа хувирдаг бөгөөд ууж буй халуун шингэн ч биеийг тань тийн түлж байгаа гэдгийг мэдрэх хэрэгтэй. Түүнтэй адил халуун зүйл улаан хоолойд шууд түлэгдэлт үүсгэж, энэ нь ужгирсаар хавдар үүсэх суурь болдог байна. Мэдээж үүний зэрэгцээ хорт зуршил буюу архи, тамхины нөлөө ч багагүй үүрэг гүйцэтгэдэг.

 

Тэгэхээр амьдралын хэвшлээ багахан өөрчилж, цай, хоолоо 4-5 минут хөргөсний дараа хэрэглэж занших нь хорт хавдраас сэргийлж буй эхний алхам гэдгийг хүн бүр санахад илүүдэхгүй л болов уу.

 

Манай улсад зонхилох зургаан хавдар бий. Тэд­гээрийн гуравдугаарт улаан хоолойн хорт хавдар бичигд­дэг. Өөрөөр хэлбэл 100 мян­ган хүн тутмын 30 орчим нь энэ төрлийн хавдарт өртдөг гэсэн үг.

 

Тиймээс хэрэглээ, хэвш­мэл байдлаа өөрчлөхийн зэрэгцээ зургаан сар тутамд хоолойгоо дурандуулж, шин­­жилгээ өгч занших нь чухал юм. Бүр аргагүйдэхэд ядаж 40-өөс дээш насныхан жилдээ ганц удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж заншвал энэ төрлийн өвчлөлийг бууруулах эхний алхам болох юм. Үүний тулд бид ердөө л цусны ерөнхий шинжилгээ өгч, рентгенээр харуулах эсвэл зураг авахуулж, дурандуулахад л хангалттай. Цаашилбал эс болон эдийн шинжилгээ хийлгэж оношоо тогтоолгох боломжтой.

 

Хэрвээ хоол хоолойд тээглэх, горойх, юм идэх үед өвдөх, дотор муу­хайрахгүйгээр гэнэт бөөл­жих, гулгих, хэхрүүлэх, ам­наас эвгүй үнэр гарах, хар шүлс ихээр ялгарч, хоолонд дургүйлхэн турж эцэн, арьс хуурайшиж үнсэн саарал өнгөтэй болж эхэлвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй.

 

Ихэнх хүн горойж, хоолой дээр юм торж эхлэх үед л эмнэлэгт ханддаг. Энэ нь үндсэндээ хугацаа алдаж, өвчнөө хүндрүүлж буйн илрэл ажээ. Учир нь горойно гэдэг нь хавдар хэдийн III-IV дүгээр үедээ орсны шинж юм.

 

Мэдээж манай улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарынхан улаан хоолойн хавдрыг эмчилж байгаа. Гэхдээ заавал хавдрын хүнд үед ортлоо хугацаа алдах нь тухайн өвчтөнд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүн бүр ойлгох учиртай. Хавдрын хамгийн төгс эмчилгээ бол мэс засал.

 

Дараа нь мэдээж туяа химийн эмчилгээг хавсарч хийнэ. Гэхдээ хавдрын үе шат нь ямар байгаагаас үр дүн нь өөрчлөгддөг. Түүнчлэн хагалгаа хийлгэж эдгэсэн ч гам бариагүйгээс болж дахин өвчлөх магад­лал ч өндөр байдаг. Нэгэнт хавдраар өвчилж, эмчлүүлсэн бол хуучин хорт зуршил, хоол ундныхаа хэрэглээг маш нарийн дэгтэй болгох шаардлагатайг санах ёстой.

 

Хэчнээн эмчлүүлж эдгэрсэн ч зарим хавдар удамших тохиолдол бий. Харин улаан хоолойн хавдрын хувьд удамшдаггүй гэж хэлж болох юм. Гэхдээ тухайн гэр бүлийн хэрэглээ, уламжлалаас шалтгаалан удамшсан мэт адилхан өвчилдөг. Өөрөөр хэлбэл нэг гэр бүлийнхэн халуун хоол, цай идэж, уух болон өөх тос, давсны хэрэглээ нь ижилхэн байдаг.

 

Түүгээр ч зогсохгүй хүүх­дүүд нь ч том болоод амьдрал зохион тусдаа гараад гэрийн хүмүүжил, уламжлалаа үргэлжлүүлдэг тохиолдол бий.

 

Улмаар энэ нь ижил төрлийн өвчтэй болох суурь болдог төдийгүй зарим хүн улаан хоолойн хавдар удамшиж байна гэж ойлгон андуурдаг. Тэгэхээр энэ нь ердөө л бидний амьдралын хэв маяг, хэрэглээтэй салшгүй холбоотой гэдгийг нотлоод байгаа юм.

 

Тиймээс хамгийн энгий­нээр өөрсдийгөө хавд­раас хамгаалахын тулд цай, хоолоо хэдхэн минут хөргөж хэрэглэж сурах нь эрүүл мэндэд ач холбогдолтойг са­нахад илүүдэхгүй нь.

 

Ж.Нарангэрэл

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.