2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАН-ын их хурлаар юу хэлэлцэж, даргаар нь хэн сонгогдох вэ?

МАН-ын их хурлаар юу хэлэлцэж, даргаар нь хэн сонгогдох вэ?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

МАН-ын их хурлаар юу хэлэлцэж, даргаар нь хэн сонгогдох вэ?Ардын нам аравдугаар сарын 27-нд намын XXVII их хурлаа хийх гэж байна. Энэ удаа намын дүрмийн өөрчлөлт, бүтцийн өөрчлөлт, намын даргаа солихоос эхлээд чамгүй олон асуудал хэлэлцэнэ. Хурал ч нэлээд хэд хоног үргэлжлэх нь дамжиггүй. МАН хэмээх томоохон институцийн хувьд дарга, удирдлага нь хэн байх, намын ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох, Удирдах зөвлөлийн гишүүд хэн байх нь анхаарал татаж байгаа. Тиймээс энэ талаархи мэдээллийг уншигчдадаа хүргэе.

 

Намын их хуралд бэлтгэх комиссын дарга М.Энхболд өнгөрөгч Бага хурлаар ирэх сард болох Их хурлаа 720 гаруй төлөөлөгчтэйгөөр хуралдуулахаар санал оруулсан боловч дэмжлэг аваагүй бөгөөд 1134 төлөөлөгчтэй хуралдахаар олонхийн санал авсан билээ. Энэ нь үүр болгоноос нэг төлөөлөл Их хуралд төлөөлөгчөөр сонгогдоно гэсэн үг. 

 

Төлөөлөгчийн тоог ийнхүү нэмсэн нь элдэв хор найруулгаас зайлсхийх, хайрцаглагдахаас сэргийлэх, шинэчлэл ярих үед илүү олон хүн байлгах сонирхлоос үүдэлтэй байх. Намын Их хурлаар хэн сонгогдож МАН-ыг удирдах эрх авах вэ. М.Энхболд, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Баяр гээд л хувилбарууд яригдаж байна. Мөн цоо шинэ хүн заалнаас дэвшүүлэхийг үгүйсгэхгүй. Хамгийн боломжит хувилбар нь М.Энхболдыг гэж намын нөхөд нь ярилцаж байна. Тэрээр энэ намыг удирдаж байсан туршлагатай хүн. Мөн С.Баяр, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нартай тохироогоо нэгэнт хийж, нөгөөдүүл нь түүнийг дэмжихээр гар өргөчихсөн гэсэн мэдээлэл байна. У.Хүрэлсүх хэдийгээр намын дотоод асуудалд төдийлөн оролцохгүй байгаа ч гадаадаас ирэхдээ бүлэглэлүүдийн удирдлагуудтай бүгдтэй нь уулзаад явсан гэнэ. Өөрийн хүмүүстээ тэрээр хэн нэгнийг дэмжих даалгавар өгөөгүй гэх мэдээлэл бас бий. Харин эргэлзээтэй байгаа нь С.Батболдын фракц.

 

Тэд М.Энхболдыг намын даргад өрсөлдвөл хариуд нь "Намын ерөнхий нарийн бичгийн даргаар манай хүнийг болго" гэсэн шаардлага тавиад байгаа. Тэдний зүгээс М.Энхболдод Д.Цогтбаатарыг санал болгосон. С.Батболдын буюу Орост сургууль төгсөгчдийн энэ бүлэг хотынхныг бодвол доороо хөлгүй. С.Баярын хувьд ганцаарчилсан тоглолт хийхгүйн тулд С.Батболдтой санаа оноогоо хуваалцана. С.Баяр өөрийгөө дэвшиж магадгүй гэсэн мессэжийг хаяулчихаад цагаа тулахаар С.Батболдын хүмүүсээс санал болгож ч мэдэх талтай. Учир нь тэд хэнээс ч илүү ойлголцдог. Хэрэв М.Энхболдыг намын дарга болгоно гэж үнэхээр гар өргөчихсөн бол ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн дээр нарийн тохироо хийнэ.

 

Тиймээс С.Батболд өөрийн санал болгосон хүнийг М.Энхболд хүлээж авахгүй бол өөр арга хэрэглэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Тэрээр төлөөлөл болох хүмүүсээ орон нутгийн намын үүрүүдээр явуулж, талдаа элсүүлэх тухай яриа өрнүүлж яваа. М.Энхболдын удирдаж буй хотын фракцын хувьд өнөөдөр нам дотроо хамгийн том нь. Хотын 150 үүрээс тус бүр хоёр төлөөлөгч Их хуралд орж ирнэ гэж үзвэл нийт 300 төлөөлөгч халаасанд нь бэлэн байгаа гэсэн үг. Мөн бусад фракцуудын төлөөллийг ч өөртөө татчихна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнийгээ бодолцон анхнаасаа 720 төлөөлөгчийг хотын фракцаас санал болгосон байх.

 

Эсрэгээр нь үүнийг анзаарсан өөр бүлэглэлүүд төлөөлөгчийн тоог нэмэх санал оруулсан биз. М.Энхболд намын дарга боллоо гэхэд багаа яаж бүрдүүлэх нь сонин. Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга нарыг шинэ хүмүүсээр бүрдүүлэх болов уу. Тухайлбал Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар нарын нэр цэвэр залуус багтах магадлал өндөр. Угаас тэднийг багтаа оруулснаар гадна талаасаа ч энэ нь зөв харагдах буй за. М.Энхболд хэдийгээр зангарагийн хувьд том, намдаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн ч түүнийг намын дарга боллоо гэхэд МАН шинэчлэгдсэн мэт" харагдахгүй гэж ярих хүмүүс бас байна. Гэхдээ түүнийг өнөөдрийн МАН-ын томоохон лидерийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

 

Н.Энхболдын хувьд намдаа хүлээн зөвшөөрөгдсөн, дайсан багатай, чадварлаг зохион байгуулагч хэдий ч хувь хүний хувьд маш зөөлөн хүн. Тиймдээ ч Их хурлын төлөөлөгчдийг хайрцаглаж өөрийнхөө төлөө санал өгүүлэх гэж хор найруулаад явах нь юу л бол. Түүнийг намын даргад санал болгох хамгийн магадлалтай хүн бол С.Баяр. Ц.Нямдорж харин хүчирхэг гэж хүлээн зөвшөөрөгдөх хүн ч түүнд дургүй хүн олон. Учир нь түүний хатуу чанга үг тэр бүр хүмүүст таалагдаад байдаггүй. Д.Лүндээжанцан ч яригдаж буй хүмүүсийн дунд нэр нь явж байгаа ч энэ удаа төдийлөн дэмжлэг авахгүй болов уу. Намын даргад нэр яригдсан дээрх хүмүүсээс гадна заалнаас зохион байгуулалттайгаар нэр дэвшүүлэх магадлал бас яригдаж байна.

 

Нэг үгээр хэлбэл хуйвалдааны бус замаар төлөөлөгчөө сонговол заалнаас огтоос төсөөлөөгүй хувилбар гараад ирэх магадлалтай гэж таамаглаж буй. Энэ нь явцгүй ч гол өрсөлдөгчийн санал хуваах хортой. Энэ хурлаар МАН шинэчлэгдэх ёстой гэж ярих хүн олон боловч эрс шинэчлэл хийнэ гэдэг угаас худлаа. Тэгээд ч хуучны лидерүүдээс нь илүү гарах шинэ сонголт өнөөдөр энэ намд алга. Намын ерөнхий нарийн бичгийн даргад Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар нар яригдаж байна. Д.Цогтбаатарын хувьд үе, үеийн намын даргыг Ерөнхий сайд болоход нь зөвлөхөөр ажиллаж, сайд, төрийн албанд чамгүй олон жил ажилласан. Н.Багабандийг Ерөнхийлөгч болоход гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан бөгөөд сайн дипломатч. Гэвч намын ажил сайн хийх эсэх нь эргэлзээтэй. Намын дотоод ажил, гал тогтоотой төдийлөн зууралдаад байгаагүй. Ямартай ч С.Батболд түүнийг ерөнхий нарийн бичгийн даргад санал болгоход М.Энхболд хариуд нь хэрхэн хүлээж авсан нь тодорхойгүй.

 

Өнөөдөр энэ намд гарч ирж байгаа дараа үеийнхний том төлөөлөл Д.Цогтбаатар яалт ч үгүй мөн боловч намын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд суух эсэх нь тодорхой бус. Хэн ч намын дарга боллоо гэсэн түүнийг Удирдах зөвлөл болон намын удирдлагын бүрэлдэхүүнд оруулах магадлал тун өндөр. Ж.Сүхбаатарын хувьд аль нэг фракцад албан ёсоор харьяалагддаггүй, хэн нэгний хүн гэж яригдаж байсангүй. Ямартай ч намын ахмад үе, залуу үеийнхэн хүлээн зөвшөөрдөг нэгэн. УИХ-ын гишүүн байхдаа санаачилж батлуулсан хуулиуд нь ч хий багатай сайн болсон байдаг. Нэг талаас нэр цэвэр нөхдийн нэг.

 

Одоо намын их хурлын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Одоогоор намын нарийн бичгийн даргын албыг хашиж байгаа тэрээр намын дотоод ажлыг удирдан зохион байгуулах тал дээр туршлагатай хүн. Гэхдээ намын дарга хэн болох, Удирдах зөвлөлд хэн багтах зэргээс шалтгаалж ерөнхий нарийн бичгийн даргаар хэн тодрох нь тодорхой болио. Удирдах зөвлөлд өөрийн хүнээ аль олон оруулах нь бүлэглэлүүдийн хувьд чухал. Хүлээн зөвшөөрөгдсөн томоохон бүлэглэлүүдээс гадна, төдийлөн олонд мэдэгдээд байдаггүй жижигхэн бүлэглэлүүд МАН-д бий. Тэднийг өөртөө татах нь томоохон бүлэглэлүүдийн тоглоомын дүрмийн нэг хэсэг болоод байгаа. Намын нарийн бичгийн дарга нар бол МАН-д дэндүү олон бий. Үүний тоог энэ хурлаар мөн цөөлөх аж. Одоогоор МАН-ын Их хурлыг угтан иймэрхүү л найруулга явж байна. Цаг тултал зарим нэг нь өөрчлөгдөх байх. Зарим нь ч ярьсан хэлснээсээ буцах, юм амласанд нь найр тавих гээд их зүйл өрнөнө. Одоогоор МАН дотооддоо иймэрхүү л ая зантай, өрсөлдөөн, хор найруулга ихтэй байна. Ирэх нэг сарын хугацаанд ч энэ байдал улам даамжирна.

 

 Д.МӨНГӨНДАЛАЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.