2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Харүмафүжи: Хоёр дахь амьдрал эхэлж байхад уйлж болохгүй

Харүмафүжи: Хоёр дахь амьдрал эхэлж байхад уйлж болохгүй

Нийтлэлийн төрөл: Site News, Ярилцлага

 

Харүмафүжи: Хоёр дахь амьдрал эхэлж байхад уйлж болохгүй

Яг 10 хоногийн өмнө мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжигийн зодог тайлах ёслол болсон. Энэхүү арга хэмжээний дараа тэрбээр “Харүмафүжи" гэх нэрээрээ Токио хотноо хамгийн сүүлийн удаа хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

 

-Зодог тайлсан одоогийн сэтгэл ямар байна вэ?

-18 жил маш хурдан өнгөрсөн. Харамсах зүйлгүй 18 жил байлаа гэдгээ дахин мэдэрлээ. Хар салхи дөхөж, цаг агаар муу байсан ч олон хүн хүрэлцэн ирсэнд их баяртай байна.

-Олон хүний өмнө гаралгүй удсан байсан биз дээ?

-Сүмо бол үнэхээр гайхамшигтай юм гэж бодсон. Үзэгчдийг баярлуулахаар барилдах гэж би өнөөдрийг хүртэл хичээж ирсэн. Өнөөдөр гурван ёкозүна хамт дохёнд гарах ёслол үйлдэх боломж гарсанд үнэхээр их талархаж байна.

-400 гаруй хүн таны үсэнд хайч хүргэлээ. Юу мэдрэв, сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл юу байв?

-Сүмо бөхийн ачаар маш олон гайхамшигтай хүнтэй танилцсан. Тэдний сургаал, дэмжлэгийн ачаар би өдий зэрэгт хүрсэн билээ. Хайч хүргэсэн хүн бүртэй хэрхэн учирч, танилцаж байснаа эргэн дурсаж, талархан сууж байлаа.

-Хайч хүргэж байх үед нулимс унагаамаар санагдсан үе байв уу?

-Зөндөө байсан.

-Нулимс дусаасан уу?

-Үгүй. Аливаа зүйл эхэлбэл хэзээ нэгэн цагт төгсгөл ирдэг нь жам. Залуу цагт бурхнаас хүч чадал гэдэг зүйл хүлээн аваад цаг нь ирэхээр буцаан өгдөг шүү дээ. Тиймээс “маш их талархсан шүү” гээд бурханд буцаан өглөө гэж бодож байгаа. Нэг зам дуусахад өөр нэг зам нээгддэг. Хоёр дахь амьдрал эхэлж байхад уйлж болохгүй. Цээжинд байгаа талархлын сэтгэлээ бүх хүнд, та бүгдэд инээмсэглэл дүүрэн дамжуулъя гэж хүссэн.

-Дохёнд гарах ёслолоо сүүлчийн удаа хийлээ.

-Хоёр аваргатай хамт хийгээд сэтгэл их хөдөллөө. Ёслолын хөл дэвсэх шиког ирсэн үзэгчид, хөгжөөн дэмжигчид өвчин тусалгүй, эрүүл энх байхыг хүсэн ерөөж хийсэн. Их аварга надад зориулаад цаг гаргасанд их баяртай байгаа.

-Бэлтгэл хийсэн үү?

-Онцгой зүйл хийгээгүй. Ёслол гээд маш завгүй байлаа. Одоо 130 кг жинтэй, жин нэг их хасаагүй байгаа.

-Шинэ стиль чинь хэр таалагдаж байна вэ?

-Анх удаа болохоор сайн мэдэхгүй л байна. Цаашдаа ямар стиль зохих нь вэ гэдгээ ойлгож мэдэх болов^уу.

-Толгой хөнгөхөн болов уу?

-Одоохондоо сайн мэдэгдэхгүй байна.

-Цаашдын амьдралын төлөвлөгөө?

-18 жил сүмогоор л амьдарч ирсэн тул юуны өмнө сайхан амарч, хаашаа ч юм гадаад оронд очмоор байна. Дэлхийг тойрон аялж, олон зүйл сурмаар байна. Сүмогоос өөрийг мэдэхгүй учраас ирэх жил гэхэд шинэ мөрөөдөлтэйгөө учраад, биелүүлэхээр хичээн зүтгэж байх хүсэлтэй.

-Ямар оронд очих бол?

-Эртний түүхтэй оронд очих хүсэл байна. Европ, Азийн орнууд, Энэтхэг гээд л. Маш олон орон байна. Шинэ ертөнцийн талаар хичээл хийж, шинийг сурмаар байна. Гэхдээ гадаадын сургуульд орох биш, аялж жуулчлах маягаар. Би ер нь аялж байгаагүй. Анхны аяллаа хаашаа хийх вэ гэж бодоод л.

-Дохёгоо үнссэн?

-Дохё байгаа болохоор сүмо оршин тогтнож байгаа. Бөх сонирхогчид байгаа болохоор сүмо бөх буй. Ингэж бодоод талархлын үг шивнэнгээ дохёгоо үнссэн.

-Сэтгэлд хамгийн тод үлдсэн барилдаан?

-Жонокүчид түрүүлсэн барилдаан. Маш их баярлаж байснаа одоо ч мартдаггүй. Гэр рүүгээ утсаар яриад л... Дараа нь хамгийн сүүлчийн түрүүгээ нэрлэмээр байна.

-Цаашдаа сүмо бөхтэй ямар нэг холбоотой зүйл хийх үү?

-Та бүхэн мэдэж байгаа байх, би Монголд “Харүмафүжи Шинэ Монгол”гэдэг сургууль байгуулсан. Манай сургууль манлайлагч төрүүлэн гаргах зорилго тавиагүй. Харин “Өглөөний мэнд”, “Танд талархлаа”, “Баярлалаа" гэсэн япон мэндчилгээний үг, ах дүүгийн харилцааны талаар заана. Ингэснээр сурагчид маань Япон оронд илүү дотно болно гэж бодож байгаа. Хүнд амьдралын хоёр зам байдаг гэж би боддог.

Нэг нь толгойгоо ашиглах, нөгөө нь биеэ ашиглах. Сургуульдаа сүмо, жүдо, кэндо, чөлөөт бөх, үндэсний бөхийн хичээл заана. Мөн төгсөгчдөө дэлхийн том их сургуулиудад оруулж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэнэ. Ирээдүйд манай сургуулиас мэргэжлийн сүмод орох хүүхэд гарвал их баярлана.

-Цаашдаа Япон, Монголд ээлжлэн амьдрах уу?

-Одоохондоо мэдэхгүй юм. Зодог тайлах ёслолоо хийж, шинэ амьдрал маань эхэлж байна.Хүн хичээн зүтгэж, хөдөлмөрлөвөл нээгдэх хаалга, шинэ зам гарч ирэх болно.

-Та барилдаж байхдаа их гэмтэж байсан. Тулалдаж, тэмцэлдэхээ болиод ямархуу байна вэ?

-Зодог тайлсан хойно гэмтлийн нөлөө, уршиг маш их мэдэгдэж байгаа. Булчин сулраад ирсэн болохоор хуучин гэмтлүүд өвдөх юм. Дасгал сургуулилалтаа хийхгүй бол болохгүй нь гэж бодож байгаа. Хоёр хөлийн шөрмөс тасарч, нуруу, өвдөг гээд л хамаг бие гэмтэл. Бага багаар дасгалаа хийнгээ, биеэ бодож, амьдарна гэж бодож байгаа.

-Харамсах зүйл байхгүй юу?

-Байхгүй. Хэлэх үгээ нэлээд бэлтгэсэн. Гэхдээ хэлэх үг бараг байхгүй байлаа. Ингэх байсан, ийм юм дутуу байлаа гэх зүйл нэг ч байхгүй. Үнэхээр бүх зүйлд талархаж байгаагаа дахин дахин хэлмээр байна.

-Бөхийн хорхойтнууд таны барилдааныг дахиад үзэх хүсэл их байсан байх?

-Барилдаж байхад маш их гэмтэж байсан. Магадгүй би хэт их хичээсэн ч байж болох юм. Зодог тайлаад ойлголоо. Энэ утгаараа үнэхээр хангалттай их барилдсан. Та бүхэнд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.