2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ч.Үл-Олдох: Шүүхийн зарланг шилдэг сэтгүүлчийн шагналтай зэрэгцүүлсэн өдөр тохиолоо

Ч.Үл-Олдох: Шүүхийн зарланг шилдэг сэтгүүлчийн шагналтай зэрэгцүүлсэн өдөр тохиолоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Ч.Үл-Олдох: Шүүхийн зарланг шилдэг сэтгүүлчийн шагналтай зэрэгцүүлсэн өдөр тохиолоо“Мантуушийн маапаан”, “Хөсөр хаяж, алдаж асгасан газрын тос” нэртэй бүтээлээрээ “Балдорж” шагналын шилдэг бүтээлийн эзнээр шалгараад буй “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ч.Үл-Олдохтой ярилцлаа.

Балдорж” шагналын шилдэг бүтээлийн эзнээр шалгарсан таньд баяр хүргэе.  “Мантуушийн маапаан”, “Хөсөр хаяж, алдаж асгасан газрын тос” нэртэй бүтээл тань шилдэг 10-т багтлаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

Баярлалаа. Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын шилдэг 10 бүтээлд багтаж шагнал гардсандаа баяртай байна. Энэхүү шилдэг бүтээлийн уралдаанд “Мантуушийн маапаан” хэмээх цуврал сурвалжлагуудаараа оролцсон. Энэ бүтээл маань монголын барилгын салбарт үүсч байгаа асуудал юунаас болдог, барилгын компаниуд иргэдийн эрх ашгийг ямар байдлаар хохироодог, газрын наймаа, тендерийн шалгаруулалт, барилгын чанар ямар байдлаар явагддагийг харуулсан бүтээл байгаа юм. “Мантууш” хэмээх нэг л компанийн асуудал мэт  боловч монголын барилгын салбарт байгаа бүхий л асуудлыг гаргаж тавихыг зорьсон. Мөн үүний дараа Дорнод аймгийн Матад сум дахь “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн бүтээгдэхүүн авах гэрээний асуудал, энэ компанийн үйл ажиллагаанаас болоод байгаль орчин ямар ихээр бохирдож байгаа тухай, монголчуудын эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа асуудлаар “Хөсөр хаяж, алдаж асгасан газрын тос” нэртэй цуврал нийтлэлүүдийг мөн бичсэн. Энэ нийтлэлээрээ Бүтээгдэхүүн хуваах гэрээг монголчууд эргэн хараач ээ, үүнийг ашигтай байдлаар зохицуулаач ээ гэх асуудлыг хөндсөн. Эдгээр цуврал сурвалжлагуудыг бэлтгэхэд өөрийн сонины ахмад сэтгүүлч болох Д.Цэрэннадмидтай хамтарсан. Бидний хамтын бүтээл байгаа юм. Бүтээлүүдээ шалгаруулалтанд явуулж байхдаа шагналт байранд орчих юмсан гэж их хүсэж байсан. Гэхдээ өчигдөр шагнал авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагүй. Харин одоо “Балдорж” хэмээх эрхэм хүндтэй шагнал гардсандаа баяртай байна. Хамт олондоо болон нийт уншигчиддаа, үзэг нэгт сэтгүүлч нөхөддөө баярлалаа гэж хэлмээр байна.

 

Ч.Үл-Олдох: Шүүхийн зарланг шилдэг сэтгүүлчийн шагналтай зэрэгцүүлсэн өдөр тохиолоо

 

Таны ажлын гараа “Өнөөдөр” сониноос улбаатай гэж сонсож байсан юм байна?

 

Би оюутан болоод сэтгүүлч болох хамгийн анхны дадлагын ажлаа “Өнөөдөр” сонины хамт олны дунд хийж байсан. 2002, 2003 онуудад 2 жил дараалж тус сонинд дадлагын ажлаа хийсэн. Тэр үед Ц.Балдорж гуай амьд сэрүүн байсан. Энэ хүний үүсгэн байгуулсан мундаг сонины амралтын дугаар болох Ням гараг сонин дээр дадлагын ажлаа хийж байлаа. Миний оюутан байхдаа бичсэн Шекспирын театрын тухай хамгийн анхны мэдээ маань “Өнөөдөр” сонин дээр гарч байсан. Мөн тухайн үед Бадарч гуайтай хийсэн “Монгол Улс минь мандан бадрана даа гайгүй” гэсэн ярилцлага “Өнөөдөр” сонин дээр гарч байлаа. Тийм ч учраас “Өнөөдөр” сониндоо их баярлаж явдаг. Тэр дундаа Балдорж гуайн шагналыг хүртсэндээ ихэд бэлэгшээж байна.

 

Та түрүүн хэлсэн “шагнал авна гэдэгтээ итгэлгүй байсан” гэж. Яагаад итгэл дундуур байв аа?

 

Өчигдөр буюу 9 дүгээр сарын 19-ны өдөр миний хувьд их сонин өдөр байлаа. Өчигдөр өглөө СБД-ийн Шүүхээс намайг дуудсан. Учир нь улстөр, бизнесийн бүлэглэлийнхний бас нэгэн асуудлыг хөндөж бичсэн миний материал дээр өнгөрсөн 4 дүгээр сард хэрэг үүсгэсэн байсан. Энэ асуудлаар өчигдөр өглөөхөн шүүхээс яллах дүгнэлтээ аваад, шүүх хурлын товоо сонссон юм. Гэтэл өчигдөр үдээс хойш “шилдэг сэтгүүлч”-ийн шагнал авсан. Шүүхийн зарланг шилдэг сэтгүүлчийн шагналтай зэрэгцүүлсэн сонин өдөр тохиолоо.

 

Ер нь улстөр, бизнесийн бүлэглэлийнхэнтэй холбоотой асуудал мөнгөтэй хүний л талд шийдэгддэг шүү дээ. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

 

Тийм байхыг үгүйсгэхгүй. Үзэг нэгтнүүдийнхээ туршлагыг олон удаа харж байсан. Үнэхээр улстөр, бизнесийн бүлэглэлийнхэн, шүүхийн байгууллагын нөлөөнд дүгнэлт, шийдвэрүүдийг гаргадаг. Үнэний төлөө тэмцэж байгаа хүнд бэрхшээлтэй асуудал олон тулгардаг ч би хувьдаа өөртөө итгэлтэй байгаа. Шударга үнэн байдаг гэдэгт би итгэдэг.  

 

Шүүх хурал нь хэзээ болох вэ?

 

Шүүхийн дүгнэлт гарчихсан байгаа. Шүүх хурал энэ сарын 27-нд болно

 

Ингэхэд шилдэг сэтгүүлчийн шагналын мөнгөнөөсөө тодорхой хувийг үзэг нэгт анддаа хандивлалаа шүү дээ. Энэ талаараа хуваалцаач?  

 

Тиймээ өнөөдөр Б.Эрдэнэцогтынхоо ээжид гардуулан өглөө. Шилдэг бүтээлийн шагналд 3 сая төгрөг өгдөг юм байна. Энэ жилээс 3 сая төгрөг болгохоор шийдсэн юм билээ. Би энэ мөнгөнийхөө 10 хувийг Энэтхэг улсад яг өнөөдөр элэг солиулах хагалгаанд орж байгаа, яруу найргийн клубт анх танилцаж, яруу найргийн галыг асаалцаж явсан, сэтгүүл зүйд мөр зэрэгцэн ажиллаж байсан сэтгүүлч нөхөр, найз Б.Эрдэнэцогтынхоо эмчилгээний зардалд тодорхой хувийг хандивлалаа. Сэтгүүлч бидний авдаг цалин бага ч гэсэн ахмад сэтгүүлч Г.Жамъян гуайн Аравт.мн сайтад өгсөн “Өгье гэвэл ганцаасаа” гэсэн ярилцлагыг уншаад “Балдорж” шагналынхаа тодорхой хувийг сэтгүүлч Б.Эрдэнэцогтынхоо эмчилгээний зардалд  хандивлахаар шийдсэн юм. Найз минь хурдан эдгэрээд, биднийхээ дунд инээж хөхрөөд, шүлэгээ уншаад, хамтдаа мэдээндээ яваад “Эрдэнэцогт мэдээлнэ” гээд мэдээгээ хийнэ гэдэгт итгэлтэй байна. Сэтгүүл зүй чамайг хүлээж байна шүү гэж хэлмээр байна.

 

Ч.Үл-Олдох: Шүүхийн зарланг шилдэг сэтгүүлчийн шагналтай зэрэгцүүлсэн өдөр тохиолоо

 

Шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” шагналд урьд өмнө бүтээлээ сойж байв уу?

 

Өмнө нь сайн материалууд хийж байсан боловч яг энэ уралдаанд зориулж материал явуулж байгаагүй. Харин энэ удаад оролцох ёстой юм байна гэж бодоод зорьж сайн сурвалжлага бичиж сойсон.

 

Таны бичсэн сурвалжлага, нийтлэлүүд үнэхээр даацтай, мундаг байж чаддаг. Уншигчид ч надтай санал нийлэх байх. “Балдорж” шагналын шилдгээр тодроод шагнал авч байх тэр үед Чанцалын Үл-Олдох гэх сэтгүүлч эмэгтэйн дотоод сэтгэлд чухам юу бодогдож байсан бол?

 

“Балдорж” шагналын шилдэг 10-т багтаад шагнал авах гоё байна. Нөгөөтэйгүүр шагнал гардан авч байхдаа “Балдорж шагналын шилдэг 10-т багтсан нөхөр муу материал бичиж болохгүй юм байна шүү, би өшөө илүү даацтай, өшөө илүү сайн сурвалжлага, сайн нийтлэл бичих ёстой юм байна шүү” гэсэн хариуцлагыг өөртөө хүлээлээ. Би эрэн сурвалжлах, улстөрийн чиглэлээр бичдэг учраас энэ хүрээндээ даацтай бүтээлүүд туурвихын төлөө ажиллана. Би илүү хариуцлагатай, илүү сайн ажиллана аа.

 

Ярилцсан таньд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.