2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » АСЕМ-ын үеэр Элчин сайд А.Баттөр, Г.Пүрэвсүрэн нар мөнгө угаасан уу

АСЕМ-ын үеэр Элчин сайд А.Баттөр, Г.Пүрэвсүрэн нар мөнгө угаасан уу

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

АСЕМ-ын олон улсын уулзалтыг Монголд зохион байгуулах нэрээр их хэмжээний мөнгө угаасан, хувьдаа завшсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа билээ. Энэхүү уулзалтыг санхүүжүүлэхэд улсын төсөв болон гадаадын хандивлагчдаас нэлээд их мөнгө татсанаас гадна Хөгжлийн банк, бусад арилжааны банкуудаас тэрбум тэрбумаар нь зээл олгосон байв. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилсан гэх энэхүү баахан мөнгөөр туйлж тоглосон арга хэмжээний зардал тооцоог Үндэсний аудитын газраас шалгасан дүнг харахад мөнгө угаасан байх хамгийн өндөр магадлалтай хүмүүсийнх нь тэргүүн эгнээнд Гадаад харилцааны сайд асан, одоо Франц улсад суугаа элчин сайд А.Баттөр болон Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Гадаад харилцааны сайд байсан, өдгөө Швейцарийн холбооны улсад Элчин сайд хийгээд цохиж яваа Л.Пүрэвдорж мэтийн лухгаруудын нэр хаяг дурайтлаа бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт урьд нь Гадаад харилцааны яамыг толгойлж явсан хоёрын хоёр хүн мөнгө угаах гэмт хэргийг санаачилсан, ийм гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, эсвэл шууд гардаж хийсэн  байж болзошгүй дүр зураг харагдаад байгаа юм. 

Тэд АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулж БНСУ-ын Олон улсын “Койка” байгууллага болон БНХАУ-аас өгсөн буцалтгүй тусламжийн нийт 20.4 тэрбум төгрөгийн үнэтэй дуу авианы техник хэрэгсэл, зочид буудлын тавилга зэргийг нохойн замаар оруулж, хаашаа юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй болгосон байна. Ингэхдээ гол нь Гадаад харилцааны сайд Г.Пүрэвсүрэн тухайн үед тушаал гарган тэдгээр буцалтгүй тусламжийн зүйлүүдийг хүлээн авах 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг А.Баттөрөөр ахлуулан томилсон боловч харамсалтай нь уг ажлын хэсэг нь 20.4 тэрбумын үнэ бүхий эд хөрөнгийг тоо ёсоор  бүртгэж авсан ямар нэгэн баримт үлдээгээгүй байв. Уг нь ном журмаараа бол ажлын хэсгийн ахлагч А.Баттөр нь тайлан тооцоогоо хийгээд тусламжийн зүйлүүдийг хаана, хэнд, хэзээ, ямар зориулалтаар хүлээлгэж өгсөнөө бичиж санхүүгийн бүртгэлд оруулсан байх ёстой байсан юмсанж. Гэтэл А.Баттөр нь нүдэн балай, чихэн дүлий оргиж явсаар дараа нь багын анд найз Ц.Элбэгдоржийнхоо ивээлээр Франц улсад суух Элчин сайд болоод алга болсон байв. Иймээс хууль хяналтынхан одоо тэрхүү 20.4 тэрбумын хэрэгт А.Баттөрийг шууд холбогдуулан шалгахдаа Франц дахь Элчин сайдаас нь түдгэлзүүлэх шаардлагатай болоод байна.  Мөн Г.Пүрэвсүрэнг ч бас Швейцарийн холбооны улсаас дуудаж ирүүлэн, дипломат эрх ямбаас нь салгаж байж шийдэхгүй бол бүтэхгүй. Түүний хувьд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа АСЕМ-д зориулан яамныхаа мэдэлд 263.9 сая төгрөг төвлөрүүлэн гадаад улс орнуудад айлчлах томилолтын зардалдаа ашиглахдаа ёстой баруун солгойгүй цацаж байжээ. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганд орцох үеэрээ  туслах Г.Амартүвшинийхээ хамт  гуч орчим сая төгрөгийг илүү төлөвлөн тансаглаж байсан байна. Энэ бол түүний төсвийн мөнгөөр хэрхэн гараа угаасан тухай зөвхөн нэг л жижигхэн баримт.

Харин хамгийн хөгийн өөр нэг том  баримт  гэвэл Ази, Европын дээд түвшний уулзалтын 20 жилийн ойд зориулан Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт 700 орчим сая төгрөгөөр “Тэнгэрийн өрх” хэмээх хөмөрсөн тогоо шиг баримал хийлгэж байрлуулахдаа АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар, “Олон улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн А.Чадраабал нараар гэрээнд гарын үсэг зуруулж мөнгийг нь олгуулсан гэх боловч бас л санхүүгийн баримтгүй, уг барималыг нь хүлээж авсан акт нь ч байхгүй байна. Ерөөсөө хүлээж авсан актгүй, санхүүгийн тайлан тооцоогүйгээр хий зарлагадсан мөнгө болгоных нь цаана Ш.Пүрэвсүрэн мэтийн хүмүүсийн хувийн ашиг сонирхол буюу мөнгө угааж халаасаа зузаалах далд санаа зорилго байсан байж таарах гээд байгаа юм. Мөн сайд асан А.Баттөр, Г.Пүрэвсүрэн нар АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлууд болон “АСЕМ Вилла” цогцолбор хотхоныг барьж ашиглалтад оруулах санаачлага гарган санхүүжилтэнд нь 275 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргуулаад  17 компанид өгсөнөөс одоо бас ихэнх нь ор сураггүй болж, нэлээд хэсэг нь найдваргүй зээл гэсэн ангилалд ороод алга болсон байх шижээтэй. Ингэж тэд зочид буудлаар бизнес хийдэг тэдгээр компаниудтай тийнхүү зээлийн гэрээгээр хоршиж байгаад мөнгө тоншсон нь одоо нэгэнт тодорхой болжээ.  Иймд АСЕМ-аар далимдуулан их хэмжээний мөнгө угаагаад Элчин сайд гэсэн халдашгүй дархан эрхээр халхавчлан сууж байж болзошгүй А.Баттөр, Г.Пүрэвсүрэн нарыг  Монголдоо дуудаж авчраад шалгах шаардлагатай болоод байна.  

О.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.